ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
2011-2012 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл

 

ПАШКАГИЙН МӨНХЦЭЦЭГ

1977 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 1995 онд Улиастай хотын 10 жилийн 2-р сургууль, 1999 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийг Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн.  Хэл шинжлэлийн ухааны магистр. 2000-2005 онд Орхон аймгийн 7-р сургуульд  Англи хэлний багш, 2010-2011 онд Ирээдүйн Одод дунд сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан.


ДОРЖГОТОВЫН ДОЛГОРСҮРЭН

1981 онд Завхан аймагт төрсөн. 2003 онд Өвөрхангай аймгийн Хар хорин сумын “Хархорум их сургууль”-ийг түүх заах арга мэргэжлээр, 2004 онд Улаанбаатарын “Улс төрийн их сургууль” төгссөн. 2004-2006 онд Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд нийгийн ажилтнаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сурагчдын суралцах таатай орчин бүрдүүлж, нийгэмжүүлэх ажилд зүтгэл гаргасан ажиллаж байв.

ДҮНДЭВ БАЯН

1967 онд Өмнөговь аймгийн Баяндалай суманд Төхөм хэмээх газарт төрсөн. 1985 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын сургууль, 1990 онд ОБДС-ийг орос хэлний багш мэргэжлээр төгссөн. 1990-1992 онд Бор-Өндөрийн 10 жилийн дунд сургуульд, 1993-1995 онд  “Тус импекс” ХХК-д гадаад худалдааны менежер, 2000-2003 онд Орхон аймгийн 13-р сургуульд, 2007-2009 онд 2-р сургуульд нийгмийн ажилтнаар 1998-2000, 2009-2010 онуудад Орхон аймгийн 7-р сургуульд соёл, хүмүүжлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Хүүхдийн цайлган цагаахан сэтгэлийг ойлгож тэдэнтэй хамтран ажиллаж, дуулж, шүлэглэж бусдыг баясгаж явдаг нэгэн найрагч юм. 2007 онд “Болор цом” яруу найргийн тэмцээнд оролцсон ба яруу найргийн “Гурвалжин эхнэр” номоо хэвлүүлсэн.

БААСАНБААГИЙН БОЛДБААТАР

Б.Болдбаатар нь 1967 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. 1985 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 10 жилийн дунд сургууль, 1989 онд УБДС-ийн Биеийн тамир, цэрэгжилтийн анги, 1991 онд Монголын ардын армийн артиллерийн салаан захирагчийн мэргэжил олгох курс, 1998 онд МУЗГ-ын дэргэдэх Удирдлага хөгжлийн институтын Бизнесийн удирдлагын анги, 2003 онд Дархан дээд сургуулийн Англи хэлний орчуулагчийн ангийг тус тус төгссөн. 1989-2005 онд Дархан хотын 10 жилийн 9-р сургууль, 18-р сургууль, Оюуны Ирээдүй цогцолбор, МСҮТ-т биеийн тамирын багш, нийгмийн ажилтнаар, Дархан хотын Биеийн тамир, спортын хорооны даргаар, 2010-2011 онд 12 жилийн 7-р сургуульд нийгмийн ажилтнаар, 2011 оннос Орхон аймгийн 2-р сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байна. 1989-2012 онуудад Б.Болдбаатар багшийн удирдсан секцийн сурагчид энэ хугацаанд Олон улс, Ази тив, УАШТ-ээс Алтан медаль 111, Мөнгөн медаль 116, Хүрэл медаль 126, нийт 353 медаль хүртсэн байна. Хөнгөн атлетикийн болон бусад спортын төрлөөр III зэрэгтэй тамирчин 130, II зэрэгтэй тамирчин 164, I зэрэгтэй тамирчин 72, спортын дэд мастер 10, спортын мастер 10 нийт 360 гаруй тамирчин бэлтгэсэн. 2005-2012 онуудад “Морин хуур”, “Гитар”-ийн дугуйлан хичээлллүүлж 350 гаруй сурагчдыг бэлтгэсэн ба тэдгээр сурагчид нь багийн дүнгээр улсын уралдаанд 8 удаа түрүүлж алтан медаль, 2-р байр 5 удаа, 3-р байр 7 удаа эзэлж байлаа.

Б.Болдбаатар багшийн бэлтгэсэн сурагчид урлаг спортоор тэргүүлж байдаг нь түүний уйгагүй хөдөлмөр, удирдан дасгалжуулах ажлын үр дүнтэй салшгүй холбоотой юм.

Гавъяа шагнал: Боловсролын байгууллагын 80 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 80 жилийн медаль, Үндэсний Олимпийн хорооны 40 жилийн ойн медаль, Хөнгөн атлетикийн холбооны хүндэт тэмдэг, 50 жилийн ойн медаль, МУ-ын Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, Монгол улсын бүх ард түмний урлагийн наадмын хошой алтан медаль, Хаврын баяр урлагийн их наадмын 1 алт, 2 мөнгөн медаль, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэмдэг, Олон улсын урлагийн наадмын гитарын төрлөөр “Гран при” тэргүүн байр, Дархан-Уул аймгийн тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, МУЗГ-ын шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медаль, Ард түмний гавъяат багш зэрэг шагналуудаар шагнагдаж байсан тэргүүлэх зэрэгтэй багш юм.

БАТ-ОЧИРЫН ХҮРЭЛБАТ

1947 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн.

1957-1964 онд Завхан аймгийн 1-р 10 жилийн сургуулийг,1964-1967 онд Архангай аймгийн БНБС-ийг бага ангийн багш мэргэжлээр төгсөөд , 1967-1983 онуудад  Завхан аймгийн Алдархаан сумын сургуульд багшаар ажиллаж байгаад

1983-1986 онд УБИС-ийн түүх-газарзүйн ангийг төгсөөд 1986-1997 онуудад Алдархаан сумын 10-н жилийн сургуульд хичээлийн эрхлэгчээр, 1997-2000 онуудад Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан.

Гавьяа шагнал: БСШУЯ-ны “ Хүндэт жуух бичиг”, “ Ахлах багш” цол тэмдэг, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” алтан медаль,” Цагаан лавай” медаль, Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн медалиар шагнагдсан.

АГВААНЖАВЫН ТОГТОХ

1959 онд Өмнө говь аймгийн төв Даланзадгад хотод төрсөн. 1977 онд Өмнө говь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1988 онд УБДС-ийн хими-биологийн багшийн ангийг төгсчээ.1981-1984 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын сургуульд, 1988-1998 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1-р сургуульд хими- биологийн   багшаар, 1999-2000 онд Орхон аймгийн 10 жилийн 7-р дунд сургуульд, 2000-2005 онд Орхон цогцолбор, Наран цогцолбор сургуульд сургалтын менежерээр ажиллаж байна.

БАТЧУЛУУНЫ БАТЦЭРЭН

Б.Батцэрэн нь 1945 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархийн голд төрсөн. 1954-1964 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургууль, 1964-1968 онд УБДС-ийн Физик, математикийн ангийг төгссөн. 1968-1974 онд Булган аймгийн Тэшиг сумын 8 жилийн сургуульд багш, 1974-1998 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн сургуульд багш, 1999-2000 онд Орхон аймгийн МСҮТ-д хичээлийн эрхлэгч, 2000-2002 онд Орхон аймгийн Техник, технологийн төрөлжсөн сургалттай 7-р сургуульд хичээлийн эрхлэгч, 2002-2005 онд физикийн багшаар тус тус ажиллаж байлаа. Ажиллах хугацаандаа 8-р ангийг 4 удаа, 10-р ангийг 3 удаа даан авч төгсгөсөн байна. 8000 гаруй шавь нартаа болжээ. 1980 оноос эхлэн дуунд ая зохиож эхэлсэн ба “Зүрхнээ холбоотой тариалан”, “Ихэр тарвагатай”, “Ээж минь”, “Сургууль минь баяртай”, “Миний сайхан хань”, “Ханийн тэнгэр”, “Шавийн айлтгал”, “Нар тоссон Дэнжийн сургууль” зэрэг30 шахам дуунд ая зохиож товхимолоо хэвлүүлсэн.

Гавъяа шагнал: 1983 онд МХЗЭТХ-ы “Залуу үеийг хүмүүжүүлэгч” тэмдэг, 1993 онд АБЯ-ны “Хүндэт жуух бичиг”, 1999 онд АБТА цол тэмдэг, 2008 онд МУСТА цол тэмдэг, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиудаар шагнагдаж байв.

Дурсамж: 10 жилийн 7-р сургуульд ажиллаж байснаа эргэн санахад:

Аж ахуйч захирал Д.Сайнбуян

Арга барил нь тэгширсэн менежер П.Цэцэгмаа, Б.Батчимэг нараар удирдуулсан гар сэтгэл нийлсэн хөдөлмөрч хамт олноосоо дурьдахад:

Оюунгэрэл, Урантүлхүүр, Эрдэнэцэцэг нар оюунтүлхүүрээр хүүхдийг сэтгүүлж,

Отгондаваа, Байгалмаа, Тайвантуяа нар Монгол хэлээр сурагчдыг амилуулж,

Газар зүйгээр Судваа, Гэрэлээ нар хүүхдүүдийг тив дэлхийгээр аялуулж,

Гадаад хэлээр Амарсайхан, Ариунтуяа нар яриулж хэлмэржүүлж,

Гар хийц, технологиор Одончимэг, Лхагвасүрэн нар урлан бүтээлгэж,

Цахим ертөнцөөр Надмид аялуулж

Цахилгаан дулаанаар Пүрэвсүрэн, Туяа нар цэнэглэн багцалж

Багаас нь С.Пүрэвсүрэн, Мөнхжаргал нар тамирчин төрүүлж

Бага ангидаа Батаа, Хандсүрэн, Оюунцэцэг нар манлайлан үлгэрлэж

Хичээл зүтгэл нь тэгширсэн хиймийн багш Уранчимэг

Хуруу, хумс нь купец, отвертик болдог сантехникч, цахилгаанчин Дашцэрэн гээд тоочоод барахгүй еэ. Энэ сайхан хамт олон буурал багш миний зүрхэнд мөнхрөн үлдэж дээ.

Дэнжийн сайхан сургууль миний

Дээш дээшээ дэвжих болтугай.

Нар тоссон миний сургууль

Намтар түүх нь баян болтугай.

Ажилсаг хамт олноороо тэргүүлж тэргүүлж яваарай.

Алдар нэрээ мандуулж яваарай.

САМПИЛЫН ГАНТӨМӨР

1959 онд  Хэнтий  аймгийн Өмнөдэлгэр суманд  төрсөн. 1985 онд МУИС- ийн газар зүйн ангийг төгссөн. Газар зүйч, газар зүйн багш мэргэжилтэй. Улсад болон Боловсролын байгууллагад 33 дэх жилдээ ажиллаж байна.

1986 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн хотын  10 жилийн 1-р дүгээр сургуульд   түүх газар зүйн багш, 1990-1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотын 10 жилийн дунд сургуульд хичээлийн эрхлэгч, 1997 оноос Орхон аймгийн 11-р бага сургуульд хичээлийн эрхлэгч, 2001-2002 онд  7-р сургуульд хичээлийн эрхлэгч, 2003 оноос одоог хүртэл Баян-Өндөр цогцолбор сургуульд түүх газар зүйн багшаар ажиллаж байна.

Гавъяа шагнал : 2000 онд “Боловсрол -80 “медаль, 2001 онд Арга зүйч цол тэмдэг, 2007 онд Орхон аймгийн 30 жилийн ойн медаль, БСШУЯ –ны жуух бичиг, 2008 онд Ахлах багш тэмдэг, 2011 онд Боловсрол-90 медаль, 2012 онд МУЗГ-ын шагнал БТА цол тэмдэг



ПЭРЭНЛЭЙН ЦЭЦЭГМАА

Сургалтын менежер Цэцэгмаа нь өөрийн уйгагүй, хичээнгүй, шантардаггүй, бүтээлч чанараараа хамт олон, багш нарыг сургах, боловсруулах, чадваржуулах ажилд идэвхи зүтгэл гарган боловсролын салбарт тасралтгүй 32 жил ажиллаж байна. Сургуулийнхаа сургалтын  чанар, багш нарын арга зүйг дээшлүүлэхэд голчлон анхаарч байнга зөвлөн тусалж байдаг үнэнч шудрага, аливаад сэтгэлээсээ ханддаг зан чанартай юм.

 1959-11-20-нд Улаанбаатар хотын 1-р төрөхөд Пэрэнлэйн ууган охин болон төрсөн.

1966-1976 онд Улаанбаатар хотын 10-н жилийн 33-р дунд сургуулийг дүүргэж, Улаанбаатар хот дахь БнБС-д элсэн орж 1979 онд бага ангийн багш мэргэжлээр, 1982-1987 онд УБДС-ийг түүх, газар зүйн багш мэргэжлээр тус тус  дээд боловсрол эзэмшсэн.

Ажил хөдөлмөрийн байдал:

Ш  1979-1986 онд Эрдэнэт хотын 8 жилийн 2-р дунд сургуульд бага ангийн багш, 1986 оноос эхлэн түүх газар зүйн багш

Ш  1987-1989 онд Эрдэнэт хотын 8 жилийн 3-р сургуульд хичээлийн эрхлэгч

Ш  1989-1990 онд Эрдэнэт хотын Сургалт заах арга зүйн кабинетэд арга зүйч, боловсролын хэлтсийн байцаагч

Ш  1990-1999 онд 10 жилийн 1-р сургуульд хичээлийн эрхлэгч

Ш  1999-2002 онд Орхон аймгийн 12-р бага сургуулийн захирал

Ш  2002-2012 онд 12 жилийн 7-р сургуульд сургалтын менежер

Ш  2012 оноос Тосгоны 18-р сургууль сургалтын менежерээр ажиллаж байна.

2002 оноос 12-р бага сургуулийн захирлаар ажиллах байхдаа “Бүлээлч эвсэг хамт олныг бүрдүүлэх эрхэм зорилго тавин ажиллаж, хамт олныг төлөвшүүлэх, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх, сургуулийн сургалт хүмүүжлийн чанарт анхааран ажиллаж байсан бөгөөд  2001 оноос Монголын Нээлттэй Нийгэмлэг Хүрээлэнгийн “СОРОСЫН САН”-гийн “Алхам алхамаар” төсөлд 12-р сургуулийг хамруулж хөтөлбөрийн хэрэгжилтээр манай сургууль улсад 2-р байр эзэлсэн амжилт гаргаж байлаа.

П.Цэцэгмаа  нь  удирдах ажил эрхлэх хугацаандаа багш нарынхаа олны санал бодолд тулгуурлан үйл ажиллагаагаа төлөвлөж, сургуулийн орчны стандартыг сайжруулж, багш нарын бүтээлч ажиллагааг дэмжин, мэдлэг, боловсрол, ур чадвар, заах арга барилд өөрчлөлт гарган, сургалтын таатай орчин бий болгосноор сургалтын чанар сайжирч, бүтээлч эвсэг хамт олон бүрэлдэж ирснийг хамт олон нь зүй ёсоор үнэлдэг юм. Ялангуяа  бүлээлч эвсэг хамт олныг бүрдүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх, сургуулийн сургалт хүмүүжлийн чанарт анхааран ажилладагт хамт олон, шавь нар нь бахархдаг юм.

Гавъяа шагнал: 1991 онд “Арга зүйч” цол тэмдэг, 1994 онд “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, 1999 онд “Багшийн гавъяа, 2004 онд Орхон аймгийн хүндэт тэмдэг, 2006 онд Орхон аймгийн “Шилдэг менежер”, 2007 онд Улсын багш нарын анхдугаар зөвлөгөөний төлөөлөгч.


ТҮМЭНГИЙН ЭРДЭНЭЧИМЭГ

Түмэн овогтой Эрдэнэчимэг нь 1961 онд Архангай аймаг Эрдэнэмандал суманд төрсөн.  Т.Эрдэнэчимэг нь 1977 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд УБ хотын БнБС-иыг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. 1981-1983 онд Архангай аймгийн цэцэрлэг сумын 8-н жилийн сургуульд, 1983-1988 онд Дорноговь аймгийн Зүүн баян сумын 10-н жилийн сургуульд, 1988-1990 онд Эрдэнэт хотын 1-р сургуульд, 1991-1992 онд Эрдэнэт хотын 3-р 10-н жилийн сургуульд, 1993-1997 онд Эрдэнэт хотын 9-р бага сургуульд, 2001-2011 онд тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Т.Эрдэнэчимэг нь заах арга ур чадвар сайтай өөрийн гэсэн арга туршлагатай хүүхдэд өгөөж сайтай ажилдаа идэвх зүтгэлтэй залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, тэднийг ирээдүйн амьдралд бэлтгэхийн тулд хэрэгцээ сонирхол онцлогт нь тохируулан хичээл хүмүүжлийн ажлыг зохион байгуулж үнэнч сэтгэлээсээ хөдөлмөрлөн, заах арга барил ур чадвар мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж боловсролын шинэчлэлийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байлаа.

Гавъяа шагнал: 2005 онд “Ахлах багш”, 2008 онд “Багшийн алдар” цол тэмдэг, 2009 онд “Алтан-Эрдэнэ” медаль, 2011 онд БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдаж байв.


МЯГМАРЫН ХАНДСҮРЭН

М.Хандсүрэн нь 1965 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн.

            1973-1981 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн сургууль, 1981-1985 онд Улаанбаатар хотын БнБС-д суралцаж бага ангийн багшийн мэргэжил эзэмшсэн. 1998-2011 онд 12 жилийн 7-р сургуулийн бага ангийн багшаар, 2011 оноос Баян-Өндөр цогцолбор сургуулийн 10-р бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна.

            Ажиллах хугацаандаа сургалтын таатай орчин бүрдүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд идэвхтэй оролцож бага ангийн “монгол хэл”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”-ын иж бүрэн кабинетийг байгуулан сургалтанд ашиглаж байсан. Сурагчдын онцлогийг судлан, сурлагаар хоцорсон сурагчидтай ганцаарчлан ажиллаж ирснээр даасан ангийг сурлагын амжилт чанар нь тогтмолжиж ирсэн.

Гавъяа шагнал: Багш М.Хандсүрэн нь 1989 онд “Сумын аварга” багшаар 1990 онд “Сумын залуу гавшгайч”-аар шалгарч байсан. 1994 онд БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”, 2005 онд “Багшийн алдар” цол тэмдэг, 2007 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан.

Comments


Бичлэг: 32 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax